СБД, 20-р хороо, 41-р хэсэг

Сэлхийн зуслангийн эцэст

Холбоо барих:

89118899, 99177036

Мэдээ мэдээлэл

Т.Цолмандах: Парацетамол, нэмэлт уураг элгийг маш их гэмтээдэг

Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр энэ долоо хоногт тохиож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор элэгний өвлөлөөс урьдчилан сэргийлэх талаар цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Дэлхийд 130-170 сая хүн C вирусийн халдвартай хүн амьдарч байгаа аж. Харин манай улс хепатитийн B,C вирусийн тархалт ихтэй орны тоонд ордог бөгөөд элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дундаж төвшнөөс зургаа дахин их байгаа юм.

Ингээд Намдумандал эмнэлгийн эмч Т.Цолмандахаас C вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх талаар цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна.

-Хепатит C вирусийн талаар эхлээд тайлбарлахгүй юу?

-Элэгний өвчнийг үүсгэж байгаа олон вирус байгаа. Үүнээс C вирусийн хувьд хүний арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсанаас болж цусаар голчлон дамжиж халддаг.

-Улс орон бүрд C вирус үүсгэж байгаа нөхцөл нь адилгүй байгаа байх. Манай улсын хувьд уг вирусийг үүсэх гол шалтгаан нь юу байна вэ?

-Хуучин бол C вирусийн голлох шалтгаан нь нэг удаагийн зүү, тариур хэрэглэдэггүй байснаас халдвар авдаг байсан. Харин сүүлийн үед залуус шивээс маш их хийлгэж байна. Хэдийгээр шивээс хийхэд нэг удаагийн зүү хэрэглэж байгаа ч будгаа сольдоггүй. Иймд будгаар дамжиж халдаж байна. Мөн хувийн эдлэл хэрэглэлээ хольж, солих нь халдвар авах бас нэг нөхцөл болдог. Жишээлбэл, хөмсөг зулгаагч, сахлын машин, татуургаа солих зэргээс халдвар дамжиж болно. Магадгүй толгойны хуйх нь шархалж, арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан үед үсний сам солиход халдвар дамжих магадлалтай байдаг. Үүнээс гадна бэлгийн замаар, халдвартай эхээс урагт дамжин халдаж болно.

-С вирусийн халдвар авч өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг, хэзээ илрэх вэ?

-Элэгний архаг үрэвслийн хамгийн гол шинж тэмдэг нь ядарч сульддаг . Ингээд хэдэн жилийн дараа хавдар үүссэн байх магадлалтай. Үүнийг хурдасгадаг зүйл нь архи, хоолны зохисгүй хэрэглээ, өөхжилт буюу таргалалт юм. Мөн эмийн зохисгүй хэрэглээ байна. Жишээлбэл, ханиад хүрэхэд парацетамолыг дураараа авч уудаг. Гэтэл парацетамол элгийг маш их гэмтээдэг эмэнд багтдаг. Иймээс хэдэн жилийн дараа вирусийн халдваргүй хэр нь элэгний цирроз болж хүндэрчихсэн байдлаар илэрдэг.

-Ер нь c вирусээс урьдчилан сэргийлэх ямар боломж байна вэ?

-Вирусийн эсрэг эм уух, архины хэрэглээгээ багасгах, эмээ зохистой хэрэглэхээс гадна хоол хүнсэндээ анхаарч хэт таргалахгүй байх юм. Махыг хэт хэмжээгээр хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь, мах бүдүүн гэдсэнд очоод маш их ялзрал үүсгэнэ. Ингэснээр хортой бодисыг үүсгэж, элэгний ачаалал ихэсдэг. Мөн залуус фитнесст явж байна гээд уураг маш их хэрэглэдэг. Энэ нь элгийг маш их гэмтээдэг юм. Тэгэхээр вирус үүсгэж буй шалтгаанаа алга болгочихвол өвчин хүндрэхгүй байх боломжтой. Харин вирусийн шалтгааныг арилгахгүй бол дахин сэдэрдэг. 

Сошиал сүлжээнд бидэнтэй нэгдээрэй.