СБД, 20-р хороо, 41-р хэсэг

Сэлхийн зуслангийн эцэст

Холбоо барих:

89118899, 99177036

Мэдээ мэдээлэл

Элэг эрүүл бол бие эрүүл

Элэг ямар үүрэгтэй вэ? Элэг бол бидний бие махбодийн хоёр дахь том эрхтэн юм. Элэг нь хоол боловсруулах эрхтэний нэг учраас өөрт нь зохисгvй хvнс хэрэглэхийг анддаггvй байна. Хүний органимд элэг нь хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүнгүйгээр эрүүл явна гэж санасны ч хэрэг үгүй. Тухайлбал, элэг нь уураг, өөхний эдийн солилцоо, мөн цус бүлэглэх хүчин зүйлүүдийн нийлэгт оролцож, үзэм чихэржлэг (глюкоз), A, D, K, В12 аминдэмийн агуулах болдог. 

Элгээ яагаад хамгаалах хэрэгтэй вэ? Элгээр бидний бие махбодийн бүхий л цус дамждаг. Гепатоцит (элэгний эс)-эд цус цэвэршиж, хоргүйждэг. Хэрэв ердөө ганц зууны л өмнө ийм шаардлага нэг их байгаагүй бол бидний аж төрж буй энэ үед элэг асар их ачаалал үүрэх болжээ. Тэр ч байтугай косметикийн бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд ордог бодисууд арьсанд шингэхдээ цусны урсгалаар дамжиж эцсийн дүндээ элэгт нэвтэрдэг. Бидний байгалийн шүүлтүүр болох элэг маань энэ бүх ачааллыг даахаа больсон бөгөөд цэвэрлэгдэх шаардлагатай тулгараад байна.

Хэрэв хүн биеийн дасгал хийхгүй, мөн хоолны зөв дэглэм баримтлахгүй байгаа бол байдал бүр ч дордоно. Учир нь элэг өөх тостой хоол боловсруулахад шаардлагатай цөсийг ялгаруулдаг. Элэг нь цөсний хүчил хурдаг цөсний гэртэй “хаяа дэрлэдэг”. Хоол идсэний дараа 20 минут өнгөрөхөд цөсний гэр нь гэдэс рүү ялгадас шахаж, харин элэг нь дахин шинэ цөсийг боловсруулж эхэлдэг. Бид эрүүл аж төрж, биеийн тамираар хичээллэж, бэлэн болон түргэн хоол идэхгүй байвал цөс боловсруулалт нь хэвийн явагддаг. Үгүй бол элэгний сувгуудад бидний “чулуу” гэж нэрлэдэг цөсний нягтрал үүсдэг байна.

Элэг өвчилснийг хэрхэн мэдэх вэ? Элэгний vйл ажиллагаа ямар хэмжээнд байгааг илэрхийлдэг дам эрхтэн бол нvд аж.Тухайлбал, нvд бvрхэж, хараа муудах, нvд загатнах, шарлах, мах ургах зэргээр мөн толгойн баруун тал өвдөх, баруун ар далаар өвдөх, баруун хавирга дор хvндрэх, шилэн хvзvv хөших, даралт ихдэх, ууртай болох зэрэг шинжvvд илэрдэг байна. Гурван сар vргэлжлэх хаврын улиралын эхний хоёр сар гаруй хугацаанд хvний элэг, vлдсэн сар хvрэхгvй хугацаанд дэлvv, нойр булчирхай дэлгэрдэг байна. Энэ vед хvний биеийн хий цусны гvйдэл бадарч шар ус ба хөлсний сvв нээгдэж биеийн илч гадагшилдаг байна.

Элэг тэр бүр өвдөөд байдаггүй юм шиг ташаа ойлголт түгээмэл тархсан байдаг. Учир нь элэг хямарсны шинж тэмдгийг зөвхөн нарийн мэргэжлийн эмч л олж харж чаддаг. Гэтэл бодит хэрэг дээр бид бараг бүгдээрээ л ачаалал нь хэтэрсэн элгээс үүдэн гардаг зовиуртай тулгарч байдаг. Энэ бол цочрол авсан гэдэсний хамшинж, хий үүсэх, өөх тостой хоол идсэний дараа огиулах, өтгөн байнга хатах, гэдэс, гуяараа өөхөлж таргалах, амнаас эвгүй үнэр ханхлах юм. Бохирдсон элэг нь цусан дахь үзэм чихэржлэгийн төвшинд өөрчлөлт оруулдаг тул хоол цадтал идсээр байтал бие сульдах, толгой эргэх зэрэг таагүй мэдрэмж төрж болно. Тэр ч байтугай сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөх, сэтгэлээр гутрах, анхаарал төвлөрөхгүй байх, амархан ядрах зэрэг нь элэгний ачаалал хэвийн хэмжээнээс хэтэрсний дохио болдог.

Нүүрээр батга шавах, үрэвсэх нь бие махбод хордсоны шууд үр дагавар байдаг. Энэ бүхнээс гарах гарц бол гагцхүү элгээ цэвэрлэж, түүний үүргийг сэргээх явдал юм.

Элэг өвчилсөн үед яах вэ? Зохистой хооллож, согтууруулах ундаанаас татгалзаж, халдвараас сэргийлж, сайн амарч, сэтгэл санаа өөдрөг, өөртөө итгэлтэй байж чадвал элэгний гэмтсэн эсүүд бүрэн нөхөн сэргэж чадна.

Элэгний цирроз, архаг үрэвсэлтэй хүн ямаа, үхэр, туулай, гэрийн тахиа, загасны мах, үхрийн зөв боловсруулсан элэг, бөөр, үстэй гүзээ, сархинаг, зүрх, хэлний аль нэгийг сэрүүн улиралд өдөрт 100-120г, нэг өндөгний цагаан, нэг аяга элгэн тараг, нэгээс хоёр аяга эмчилгээний хоормог, нэг аяга шинэхэн ээдэм, нэг атга улаан ээзгий,нэгээс хоёр халбага уургийн бал идвэл уургийн нэмэгдсэн хэрэгцээгээ хүндрэлгүй хангана. Урин дулаан цагт махаа хасаад, цагаан идээгээ түлхүү идэж, шар буурцаг, түүний бүтээгдэхүүн /шар буурцгийн сүү, ээдэм, бяслаг, нухаш, тос, жан/-ийг шар лууван, улаан манжин, цэцэгт байцаа, хулуу хаш, ногоон сонгино, исгэлэн биш жимстэй зохицуулан идэх нь сайн.

Элэг муутай, тэр тусмаа циррозтой хүнд хамгийн хориотой зүйл бол мэдээж архи, согтууруулах ундаа, дараа нь хар шөл, сүү, тослог ихтэй цөцгий, шар тос, өөхөн тос, өндөгний шар, уураг тархи, хонины мах, борц, хорхог, боодог, хиам, консерв, давсалсан, утсан хүнс, түрс, шош, вандуй, зарам, мөөг, хүнсний хивэг, шар будаа, агшаасан арзгар будаа, гоймон, шинэ болон хар талх, сэвсгэр хөөмөл боов, давсалсан, даршилсан, нөөшилсөн ногоо, бөөрөнхий байцаа, шар манжин, улаан,цагаан лууван, сармис, бөөрөнхий сонгино, хурган чих, исгэлэн жимс, шоколад, мөхөөлдөс, түрхлэгүүд, анхилуун үнэртэй амтлагч ногоо, нунтагууд, какао, кофе, хийжүүлсэн ундаа, жүүс орно. Хоолны давсыг багасгана.

Архаг үрэвслийн үед заавал эмчид хандаарай. Шинж тэмдэг илэрч байна гэдэг нь тухайн өвчин нэлээд архагшиж байгааг илэрхийлдэг. Тиймээс заавал шинж тэмдэг илрэхийг хүлээх биш өөрийн биедээ анхаарч анхан шатны шинжилгээг заавал хийлгэж байх хэрэгтэй.

Сошиал сүлжээнд бидэнтэй нэгдээрэй.